Булган аймагт өөр аймгийн мянга шахам иргэд малтайгаа нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-01 13:47:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллээр өмнөд бүсийн найман суманд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь зэрэг долоон аймгийн 290 өрхийн 966 хүн малтайгаа нутаглаж байна. Тэдний 109 нь 5 хүртэлх насны хүүхэд, найм нь жирэмсэн, 11 нь хөгжлийн бэрхшээлтэй, 47 өндөр настан байгаа аж.

Оторчид 158.4 мянган толгой малтай хаваржиж байна. Аймгийн Онцгой комиссоос гурван удаа сумдад ажлын баг ажиллуулж, холбогдох арга хэмжээг авчээ. Архангай, Төв, Баянхонгор, Дундговь, Хөвсгөл, Орхон аймгаас отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчид зааж өгсөн хонд бууцанд буулгүйгээр нутгийн иргэдийн шүтлэгтэй газарт буух, үндсэн малчин өрхийн өвөлжөө, хаваржааг талхалж, олон дахин нүүдэл хийх, зөрчлийг арилгуулж, Баяннуур, Дашинчилэн суманд ажиллаж их хэмжээний адуу зөвшөөрөлгүй отроор орж ирснийг гаргах ажлыг зохион байгуулсан.

Засгийн газрын хуралдаанаас энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл оторчдыг ямар нэгэн дарамтгүй өвөлжүүлж, хаваржуулах үүрэг чиглэлийн дагуу манай аймгийн сумдын удирдлагууд отрын малчдад эрүүл мэнд, нийгмийн бүхий л асуудалд дэмжлэг үзүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ