АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-03-03 09:20:34

МОСКВА. /TASS/. Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авч, шинээр хориг тавьсан хүмүүс, үйлдвэрүүдийн жагсаалтыг нийтэлжээ.


АНУ-ын  Сангийн яамны хязгаарлалтад:

  • Холбооны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко
  • ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов
  • Холбооны улсын ял шийтгэл гүйцэтгэх албаны дарга Александр Калашников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал хариуцсан газрын дарга Андрей Ярин
  • ОХУ-ын Батлан ​​хамгаалахын орлогч сайд нар болох Алексей Криворучко, Павел Попов нар
  • Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, судалгааны 33-р төв хүрээлэн
  • Батлан ​​хамгаалах яамны эрдэм шинжилгээний 27-р төв
  • Органик хими, технологийн эрдэм шинжилгээний хүрээлэн тус тус өртсөн байна.

Түүнчлэн Их Британийн эрх баригчид Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипал, түүний охин Юлия нарын амь насанд халдахыг завдсан гэж буруутгасан Анатолий Чепига (Руслан Боширов), Александр Мишкин (Александр Петров) нарыг Төрийн департаментын тусдаа жагсаалтад оруулжээ.


АНУ-ын эрх баригчид мөн:

  • 1961 оны Гадаадын орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Москвад "хүмүүнлэгийн яаралтай тусламжаас" бусад тусламж үзүүлэхээ зогсоох
  • Зэвсэг худалдах, экспортлохыг зөвшөөрч болох улсуудын жагсаалтаас хасах
  • ОХУ-ын оролцож буй гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох
  • Аливаа зээл, зээлийн баталгаа эсвэл бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах
  • Оростой сансрын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг хязгаарлах шийдвэрийг тус тус гаргажээ.

АНУ-ын Худалдааны яам мөн Батлан ​​хамгаалах яамны Шинжлэх ухааны 27-р төв, ОХУ-ын есөн компанийг хар жагсаалтад оруулсан байна. 


Төрийн Департаментаас тогтоосон хязгаарлалтыг зөвхөн 12 сарын дараа, Москва тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд цуцлах боломжтой гэж мэдэгдэв.


Холбоотой мэдээ