АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Японд айлчлахаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-03-05 10:06:56

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Япон улсад энэ сарын 15-наас айлчлахаар төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын Японд хийх анхны айлчлал энэ болох юм.


Э.Блинкен, Л.Остин нар энэ сарын 15-17-нд товлоод буй айлчлалынхаа үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо нартай “2+2” хэлбэрийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн тэд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах төлөвтэй байна.


COVID-19” цар тахал дэгдээд буй үеэр биечлэн хийхээр төлөвлөж буй эдгээр уулзалт нь Энэтхэг-Номхон далайн бүс, ялангуяа Японы хяналтад байдаг Сенкакү арлын ойролцоо Хятадын ажиллагаа өсөн нэмэгдэж буй үед хоёр орны бат бэх харилцаа холбоог илтгэх харуулах төлөвтэй байгаа ажээ.


Япон, АНУ “2+2” уулзалтыг хамгийн сүүлд Вашингтон хотод 2019 оны дөрөвдүгээр сард хийжээ. Э.Блинкен, Л.Остин нар М.Тошимицү, К.Нобүо нартай мөн ганцаарчлан уулзана гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мөн АНУ-ын төлөөлөгчид Японд айлчилсныхаа дараа БНСУ-ыг зорьж магадгүй байна.


Япон, АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар пүрэв гарагт цахимаар хэлэлцээ хийж, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийн статусыг хадгалж, тогтоох барих хүчин чадлаа бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон гэж хоёр орны Засгийн газар мэдэгджээ. Эдгээр мэдэгдэлд Э.Блинкен, Л.Остин нарын айлчлалын талаар дурдаагүй байжээ. 

Холбоотой мэдээ