"Токио-2020" жендерийн тэгш тэнцвэртэй анхны олимп болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-09 10:59:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон  "Токио-2020" Зохион байгуулах хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдсэн талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэв.


Тухайлбал, “Токио-2020” олимпод оролцох тамирчдын 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендерийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж.


Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь “Рио-2016” олимпын амжилтыг давсан.


ОУОХ-ны 206 багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпын эрх авах чадвар хомс, маш сул бөгөөд цөөхөн баг бүрэлдэхүүнтэй хөгжиж буй орнуудын Үндэсний олимпын хороо /ҮОХ/ болон исламын хатуу чанга дэг жаягтай орны ҮОХ-дод шууд хамааралтай.


ҮОХ-д нь нээлтийн ёслолын жагсаалд эмэгтэй, эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлнэ.


"Токио-2020" Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ.


Олимпын үеэр "Хүйсийн тэгш эрхийг дэмжих" тусгай баг ажиллуулахаар баталжээ.

Холбоотой мэдээ