Цусаа хандивлахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 13:21:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт цус, цусан бүтээгдэхүүний хангамж багасах нөхцөл байдал үүссэн тул ард иргэд цусаа хандивлан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах аянд нэгдэхийг ЭМЯ-наас уриаллаа. 


Тус яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр коронавируст  халдвар манай улсад илэрч, хөл хорио тогтоосон, вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотой цус, цусан бүтээгдэхүүний нөөц багасах эрсдэл үүсээд байгаа аж.


Цус сэлбэлт судлалын үндэсний төв 30 гаруй төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 36 500 донороос цус цуглуулжээ. Нийслэлийн хэмжээнд цус цуглуулах төв Сүхбаатар, Баянзүрх, Дүнжингарав гэсэн гурван суурин газар бий.


Цусыг 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, эрүүл хүн өгнө. Цус өгөхийн өмнө эмч үзэж тусгай асуумж бөглүүлдэг бөгөөд боломжтой гэж үзвэл нэг удаад 350-400 мл цус авдаг байна. Мөн зургаагаас дээш цаг унтаж амарсан, өөх тостой хоол, эм тариа хэрэглээгүй байх шаардлага тавьдаг аж.

Холбоотой мэдээ