Салхи, шуурганы улмаас сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид өнөөдөр 15.00 цагийн байдлаар салхи, шуурганд 14 хүн төөрч сураггүй болсон тухай дуудлагаар ажиллаж 7 иргэнийг эсэн мэнд олжээ.
Баянхонгор аймгийн Богд суманд хоёр, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг, Төв аймгийн Сүмбэр суманд хоёр иргэнийг эрэн хайж байна.
Түүнчлэн Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт цасанд суусан гурван автомашинд зорчиж явсан 13 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймагт иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт өчигдөр 17.10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээвэр хууларсныг ОБЕГ-аас мэдээлэв.