Нийслэлийн Засаг дарга маргаашаас хэрэгжих зарим үйл ажиллагааны талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 20:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргаашийн 06.00-аас энэ сарын 28-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын халдварын тархалтын улбар шар түвшинд шилжих хугацаанд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийв.


Тухайлбал, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах хязгаарыг 07-22 цагийн хооронд тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг албажуулж, шаардлагатай үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлнэ.


Нийслэл хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шөнийн 23-06 цагт бүрэн хязгаарлана. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.


Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэхд товчоодоор Багахангай, Налайх, Багануур дүүрэг,  СХД-ийн 21,32, ХУД-ийн 12,13,14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид нь ажиллаж байгаа газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумж бөглөж нэвтрэх аж. Хөдөө орон нутаг руу эрүүл мэнд, албан томилолт, буяны зэрэг хүндэтгэх шалтгаантай болон зайлшгүй шаардлагатай ачаа, тээвэр, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолоочийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргана.


Халдвар бүртгэгдсэн газраас шинжилгээний хариуг үндэслэн, бусад бүс нутгаас асуумж бөглүүлж нэвтрүүлэх, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах аж. Улаанбаатарт орон нутгаас ирээд байгаа, хөдөө орон нутагт явж буй нийслэлийн иргэд байнга оршин суух хаягтай газартаа зорчиход хязгаарлалт тогтоохгүй.


Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулж, бусад нь ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхээр зохицуулна. Мөн 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах нөхцөл боломжоор хангахыг төрийн байгуулллага, хуулийн этгээдэд зөвлөж байна.


Хотын дарга Д.Сумъяабазах энэ үеэр, “Вакцин хийлгэх нь нийслэлийн нийгэм, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэх хүчин зүйл болох тул иргэд өргөнөөр хамрагдахыг хүсье. Хатуу хөл хорио тогтоохгүйгээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэвийн явуулснаар хотын амьдрал харилцан итгэлцлийн үндсэн дээр үргэлжилж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмдээ онцгой анхаарах"-г сануулав. 

Холбоотой мэдээ