"Орос дууг хэн сайн дуулах вэ?" цахим уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-23 15:43:04

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн хүрээнд Төрийн захиргааны ахмад ажилтан, Орос хэлний багш Д.Цэдэвийн санаачилгаар "Орос дууг хэн сайн дуулах вэ? " цахим уралдаан боллоо.

Аймгийн ЗДТГ болон Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан уг уралдааны шилдгүүд энэ сарын 22-ны өдөр шагналаа гардаж авлаа.

Нэг сарын хугацаанд цахимаар үргэлжилсэн уг уралдаанд Улаангом, Ховд, Малчин, Наранбулаг, Тариалан, Баруунтуруун, Давст сумын сумын ерөнхий боловсролын сургуулиудын авьяастнуудаас гадна Улаанбаатар хот, Говь-Алтай, Баянхонгор аймгийн багш, сурагчид, нийт 100 гаруй хүн оролцсон байна. Тэдний дундаас хамгийн бяцхан оролцогч нь 5 настай Ч.Бүжинлхам байжээ. Уралдааныг 12 хүртэлх насны, 18 хүртэлх насны, гоцлол ба хамтлаг дуу, насанд хүрэгчдийн гоцлол ба хамтлаг дууны төрлөөр эхний 3 байрыг тус тус шалгаруулж Диплом, мөнгөн шагналаар шагналаа.

Холбоотой мэдээ