Нийгмийн даатгалын сангийн орлого 8 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-29 16:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар, зарлага 6,4 хувиар өслөө.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 2 сард 476 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.2 (8,0 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд, тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 (10,2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Мөн өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 252.8 тэрбум, зарлага 232.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 29.6 (13,3 хувь) тэрбум, зарлага 9.7 (4,3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Нийгмийн даатгалын сангийн зарлага оны эхний 2 сард 456.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27.3 (6,4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 35.8 (10,5 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 1.3 (5,6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний 2 сард 4624 хүнд 8,9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 962 (26,3 хувь) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 174.7 (2,0 хувь) сая төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Нийгмийн даатгалын сангаас оны эхний хоёр сард 452.6 мянган хүн тэтгэвэр авсны 75,8 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15,6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8,6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагч аж.

Холбоотой мэдээ