БНХАУ “мРНХ” вакцин гарган авчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-04-14 14:35:56

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Барууны “Pfizer-BioNTech”, “Moderna” вакцинуудтай адил матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр суурилсан коронавирусний вакцин гарган авах БНХАУ-ын ажилд ахиц дэвшил гарлаа гэж "Саут Чайна морнинг пост" сонин мэдээлжээ.


“ARCoV” хэмээн нэрлэсэн уг вакциныг “Abogen Biosciences”, "Walvax Biotechnology" компаниуд Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академитай хамтран бүтээсэн байна.


Вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат тавдугаар сард эхэлнэ гэдгийг "Саут Чайна морнинг пост" сонин онцолжээ.


"Бидний хүрсэн үр дүнд үндэслэн дотоодын “ARCoV” вакциныг үр дүнгийнх нь хувьд гадны хоёр “мРНХ” вакцинтай бүрэн харьцуулж болно" гэж Сужоу хотод байрладаг “Abogen Bioscience” компанийн тэргүүн Ин Бо хэлэв.


Түүний хэлнээр, шинэ вакциныг гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд жилд 120 сая тун үйлдвэрлэнэ. Энэхүү вакциныг үйлдвэрлэх үйлдвэрийг “Walvax Biotechnology” компани баруун өмнөд Юньнань мужид байгуулж байгаа аж.  

 

“ARCoV”-ийг  гарган авагчдын ярьж буйгаар, “Pfizer-BioNTech” болон “Moderna”-гийн вакцинуудаас ялгаатай нь тасалгааны температурт долоо хоног хүртэл хадгалахад чанараа алдахгүй гэнэ.


Холбоотой мэдээ