Бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийг нас барснаас хойш 50 жил хүчин төгөлдөр байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-22 15:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.


Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх, гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн байна. Мөн бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байх зэрэг зарчмын зөрүүтэй 28 санал болон найруулгын шинжтэй 3 саналыг дэмжжээ. 


Харин чуулганаар, Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаалахаар, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн 12 дугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд тусгахаар боллоо. Харин зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд нэмэх боллоо. Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байж, хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь туурвиснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байна хэмээн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн.


Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрт нь санал хураасны дараа Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ