Т.Гантулга: Сүхбаатар суманд ирсэн хүн бүрийг 10 хоног тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-28 10:34:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Гантулгатай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.  


-Сүхбаатар суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын хэмжээнд өнгөрсөн 72 цагийн хугацаанд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд асуудлаа хэрхэн шийдвэрлэв. Өнөөдөр сумын нөхцөл байдал ямар байна?

-Сүхбаатар суманд Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан гурван иргэнээс ковидын халдвар илэрсэн. Эдгээр хүмүүс маань нийтийн байранд амьдарч байсан. Энд амьдардаг айлуудын гаднаас орох, гарах хаалга нэг, үргэлжилсэн нэг том коридортой, гаднаа нэг бие засах газартай ийм орчин байгаа. Иймээс Сүхбаатар суманд халдвар тархсан байж болзошгүй учраас 72 цагийн хөл хориог тогтоосон. Хөл хориогоор хуучин шиг бүх юмыг хаагаагүй. Ерөнхийдөө амралтын өдрүүд байсан учраас хөдөлгөөнийг багасгах зорилгоор хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд бид тандалт судалгаа хийж, ойрын болон дам хавьтал бүгдийг тогтоож шинжилгээнд хамруулаад байна.

-Гарах, орох хөдөлгөөнд аймаг, сумын Онцгой комисс зөвшөөрөл олгож байгаа. Энэ зөвшөөрлийн талаар тодруулаач?

-Зөвшөөрөл гэдэг маань сум хоорондоо, аймаг хоорондоо. Мөн аймаг, хотууд хоорондоо гэсэн ангилалтай байгаа. Энэ зөвшөөрлийг өөрийн аймаг дотроо зорчих бол сумын Онцгой комисс шууд олгож байгаа. Харин аймгаас гарах, бусад аймаг, хотуудад зорчих зөвшөөрлийг сумаас тодорхойлолт аваад, аймгийн Онцгой комиссоос зорчих зөвшөөрлийг олгож байгаа.

-Голомттой бүс нутагт байгаа Сүхбаатар сумын иргэдээ татан авч байгаа юу?

-Ер нь бид Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 4 чиглэлийг барьж ажиллаж байгаа. Энд эрүүл мэндийн шалтгаантай, буяны ажил, дээр нь хүнс, шатахууныг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Мөн Улаанбаатар хотод очоод ямар нэгэн шалтгаанаар гацчихсан байгаа сумын иргэдийг бид авч байгаа. Эндээс тодорхойлолтыг нь өгөөд улсын Онцгой комисстой холбогдон иргэдээ байнга авч байгаа. Бусад эрсдэл багатай байгаа сумдаас ч мөн иргэд ирж байна.

Онцлог нь Сүхбаатар суманд ирсэн хүн бүрийг 10 хоног тусгаарлана. 10 хоног тусгаарлахдаа 9 дэх өдөр нь шинжилгээнд хамруулна. Ингээд 10 дахь өдөр шинжилгээний хариу гарахад энэ хүмүүсийг гэрийн ажиглалтаас гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай нийт иргэд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүстэй айл, орчиндоо иргэний үүргээ биелүүлж хяналттай байгаарай гэж уриалах байна.

Энэ иргэдэд манай сумын ЗДТГ-ын алба хаагчид, бүх багийн дарга нар, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар, хэсгийн байцаагч нар, сургууль, цэцэрлэгийн хамт олон хамтарч хяналт тавьж ажиллаж байна. Сүхбаатарт ирэх иргэдийн цуваа тасрахгүй байна. Өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймээс бид үүн дээр л маш сайн анхаарлаа хандуулж, хяналтаа тавин ажиллах болно. Мөн Шаамар-6 пост, манай Сүхбаатар сумыг хариуцсан пост ажиллаж байна. Энэ пост дээр гол анхаарлаа хандуулж, хүн хүчээ нэмж байгаа. Бид ХЦ-ийн 0101, 0243-р анги, аймгийн ОБГ, Цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн нэлээд том бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Сүхбаатар сумын иргэдийг дархлаажуулах хоёр дахь тун вакцин ирсэн. Хүлээж аваад бэлэн байдалд байгаа гэсэн. Энэ ажлыг ямар зохион байгуулалтайгаар хийх вэ. Өөр бусад газарт тухайлбал Улаанбаатар хотод эхний тунгаа хийлгэсэн хүмүүс Сүхбаатар суманд 2 дахь тунгаа хийлгэж болох уу?

-Дархлаажуулалттай холбоотой ажил маш нарийн зохион байгуулалттайгаар явна. Бид өмнө авсан тунгаараа, хэчнээн хүн хаана хаана хийлгэсэн, яг тэр зохион байгуулалтаараа, яг тэр тунгаараа л дахин хийлгэнэ. Түүнээс биш өөр аймаг, хотод эхний тунгаа хийлгэсэн одоо 2 дахь тунгаа энд хийлгэнэ гэсэн асуудал байхгүй. Ийм иргэд байгаа. Тэр хүмүүст бол дархлаажуулалт хийх боломжгүй. Өмнө Сүхбаатар суманд дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн нэр, хаяг, регистр бүгд бүртгэлтэйгээ байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ