Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих ажлын хэсэг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо өчигдөр өргөтгөсөн хурлаа хийж, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг өөрчлөн байгуулах, “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах" тухай хэлэлцэв.
Мөн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх үүднээс Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахыг хэлэлцэж, НИТХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсвийн хорооны дэд дарга М.Тулгат ахлах аж.
Түүнчлэн, НИТХ-ын
өнөөдрийн VI хуралдаанаар “Төрийн
орон сууцны корпораци” ТӨХК, “Нийслэлийн
орон сууцны корпораци” ХК-ийг нийлүүлж, төрийн өмч давамгайлсан “Үндэсний орон
сууцны нэгдсэн корпораци” болгохоор хэлэлцэнэ.
Тус хоёр байгууллагыг компанийн тухай хуулиар нэгтгэнэ
гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн
удирдагч Б.Сүхбаатар дурдаж байлаа.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийг 2015 онд НИТХ-ын тогтоолоор иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах, хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг хямд орон сууцаар хангах, түрээслүүлэх, орон сууцны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор байгуулжээ. Үүний дүнд 1744 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлээд байна. Дээрх орон сууцуудад одоогоор 7500 иргэн амьдарч байна.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь гэр хорооллын дахин
төлөвлөлтийн улмаас хохирсон 307 өрхийг түр суурьшуулах орон сууцуудад 2016
оноос суурьшуулж байгаа аж.