Баруун бүсийн мал сүрэг эрүүл гэдгийг баталгаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-07 13:54:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн малаас шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт шинжилгээ хийнэ.


Тандах шинжилгээний сорьцыг энэ сарын 10-наас эхэлж авах бөгөөд дээрх аймгийн 116 сумын 294 багийн 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 7168 толгой (бод 1792, бог 5376) малыг хамруулах юм.  


Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгохоор сүүлийн 11 жил баруун бүсийн 7 аймгийг шүлхий өвчнөөр эрүүл,  шүлхийн вакцин хэрэглэдэггүй бүс болгоход чиглэсэн бодлого гарган хэрэгжүүлэхэд чиглэсэн мал эмнэлгийн арга ажиллагааг хэрэгжүүлж иржээ.


Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэхэд тавих шаардлага, холбогдох заалтын дагуу 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусний халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг хийж, үр дүнг өргөн барих баримт бичгийг ирэх сард илгээхээр төлөвлөж байна.


Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж  мөрддөг.

Тус байгууллагын газрын амьтны кодод зааснаар улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг хүчин зүйлээр нотлон, тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэсэн статустай болгохоор өргөдөл гаргаж, шинжлэх ухааны хороод, Ерөнхий чуулганаар нь хэлэлцүүлэн баталгаажуулдаг аж.



Холбоотой мэдээ