Даяанч ламын болон Их буурал уулын агуй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Түүхийн
дурсгалт газрууд Дарханы нутагт олон бий. Тэдний дундаас Чингис хааны үед
хамаарах газруудаас эхлээд ардын хувьсгал, хэлмэгдүүлэлт, бурхан шашны
холбогдолтой дурсгал цөөнгүй байдаг. Тэднээс энэ удаад Даяанч ламын агуй болон
Их буурал уулын агуйн мэдээллийг хүргэе.
Хараагийн
Дарь эх ламын хийдийн даяанч ламын агуй гэж бий. Уг агуй нь Дарь эхийн хийдийн
тууриас баруун зүгт Орхон гол орох замын
баруун хойд талд орших уулын энгэрт зэрэгцээ хоёр агуй байдаг аж. Энэ нь
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутагт оршдог.
Эдгээр
зэрэгцээ хоёр агуйд Дарь эхийн хийдийн лам нар даяанчлан суууж ном бясалгадаг
байсан нь түүхийн судалгаа, аман эх сурвалжаар баталгааждаг ажээ.
Зэрэгцээ
орших хоёр агуйн зүүн талыг нэгдүгээр агуй гэж нэрлэдэг бөгөөд амсраараа 8 м
урт, нэг метр гаруй өндөртэй аж. Дотор хана нь нуралттай, хойд зүг харсан амтай
агуй тул гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн хүртэл амсрын хэсэг нь мөстөж,
цанатсан хэвээр байдаг ажээ.
Хоёрдугаар агуй нь нэгдүгээр агуйн баруун талд байрлах бөгөөд амсраараа таван метр урт,
агуйн доторх өндөр нь 0.80 см-1.5 метр, төгсгөл хэсэгтээ 1.75 метр хүрдэг аж. Агуйн
дотор хана мөн нуралттай, амсар хойд зүгт хардаг.
Эдгээр
хоёр агуйнаас гадна Дарь эхийн хийдийн туурийн ойролцоо Өндөр Найдаг уулын
оройд болон Их буурал ууланд тус бүр нэг агуй байдаг.
Их буурал уулын хойд төгсгөлд нэгэн агуй байдаг. Тус агуйд Хараагийн
Дарь эхин хийдийн даяанч лам нар сууж ном, судар бясалгадаг байсан ажээ. Агуй нь
гурван метр орчим урттай, нэлээд өргөн амтай, зүүн талаараа жалгын ус урсан орж
ирдэг эргэн тойрон том үхэр чулуу их өвөрмөц тогтоцтой агуй байдаг.
Судлаачдын
хувьд Дарь эхийн хийдийн ойролцоох дөрвөн агуй байдгаас үзвэл эртний Монголын
уламжлал ёсоор сүм, хийд, дуган байгуулах газрыг сонгохдоо тусгай баг гарган
гол, ус, булаг, рашаан, агуй, ой мод, байгалийн үзэсгэлэн хосолсноос гадна
зарим тохиолдолд хэвтэж буй эмэгтэй хүний дүрс бүхий уул, хадтай газрыг сайтар
судалж сонгон аравайлж байсныг дээрх агуйнууд нотолж байна гэж түүхийн болон баримтат номонд дурдсан байдаг.
Дээрх
дөрвөн агуйн гурвыг Дархан нутаг судлаач Д.Дашзэвэг, Д.Жамбалдорж, Дархан
дээд сургуулийн аялал, жуулчлалын удирдлагын тэнхимийн багш, оюутнууд
судалгааны зургаадугаар баг 2008 оны 3 дугаар сарын 22-нд олж судалгаа хийжээ. Түүнээс
хойш шашны агуйн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хөтөлбөр гаргаж байжээ.