Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс аль болох экспортын баримжаатай эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-10 15:58:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн Засгийн газрынхаа ажлын эхний 100 хоногийн тайланг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр, Монгол Улсын Засгийн газраас төлөвлөөд буй цар тахлын дараа эдийн засгаа сэргээн хөгжүүлэх 100 төслийн талаар сэтгүүлчид тодруулсан юм. 


-Засгийн газраас хэрэгжүүлэх 100 том төслийн хэдийг нь төр, хэдэн хувийг нь хувийн хэвшил гүйцэтгэхээр тооцсон бэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тооцоог нарийвчлан гаргасан уу? 


-"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан нарийвчилсан шинжилгээ хийж, түүнд анхаарч Засгийн газрын ажлын хөтөлбөрийг баталсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тулгуурлан 100 төсөл, арга хэмжээг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, илүү нарийвчилж байна гэсэн үг. Тэдгээрийн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байхад санхүүжилтийг нарийн хэлэх нь өрөөсгөл. Тиймээс Сангийн яамнаас гаргасан тоймыг танилцуулах хэрэгтэй. 


Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийн чиглэлээр 50 төсөл, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах 30, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн 20 төсөл байгаа юм. Энэ бол ойрын 10 жилдээ багтааж хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар  зорилт тавьж  манай Засгийн газар ажлаа эхлүүлээд байна. 

Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн 20 төсөл арга хэмжээнд төсөв шаардахгүй. Үлдсэн 80 төсөл нь нийт 55 их наяд төгрөгийн төсөвтэй байгаа. Үүнээс 9 төсөл нь үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой тул төрөөс хяналт тавих учиртай. Өөрөөр хэлбэл, 55 их наяд төгрөгийн 12-13 хувь буюу 8-9 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төр гаргаж, хөрөнгө оруулалт хийснээр 9 төслийг эзэмшинэ. Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, Оюутолгойн далд уурхай, Эрдэнэтийг дагасан үйлдвэрүүд нь стартегийн ач холбогдолтой. Тавантолгойн цахилгаан станц бол эдийн засгийн маш ач холбогдолтойн зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд ч нэмэртэй. Учир нь, Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр дотоодоос хамааралтай болгосноор төр хяналтдаа байлгаж үйл ажиллагааг нь явуулах юм. 

Эдгээр төслийн үр дүнд эхний 10 жилд ДНБ 2.5-3 дахин нэмэгдэнэ. Нэг хүнд ногдох ДНБ өнөөдрийн байдлаар, 4000 ам.доллар байгаа бол 10 мянгад хүрэх бололцоотой. Иймээс өөрсдийн нөөц боломжийг тооцсон тул эдийн засгийн бусад төслийг нь гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүхий л хэлбэрээр хамтарч ажиллах боломж байгааг санал болгож байна. 


-"Алсын хараа 2050" урт хугацааны бодлогын баримт бичиг тогтвортой байж чадах уу. 100 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр, эдийн засагт ямар ахиц гарах вэ?


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Алсын хараа-2050" бодлогын баримт бичиг нь 9 тулгуур үзэл баримтлалтай. Нэгдүгээрт, аль болох экспортын баримжаатай эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, монгол гэдэг айл өрх уул уурхайгаар 689 ам.долларын орлого олдог. Үүнийг яаж баяжуулж нэмүү өртөг шингээх вэ гэдэг асуудал байна. Аж үйлдвэрийн салбар гэхэд, 28 сая ам.доллар олдог. Харин амьд мал гаргахад 9 сая ам.доллар, арьс шир 2 сая ам.доллар, газар тариалан 0.7 сая ам.долларын орлого олж байна. Үүнээс бид хүнсээ боловсруулж гаргах асуудал хөндөгдөж байна. Нэг хүнд ногдох газар нутаг, малын тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсдаг хэдий ч хүнсний экспортын орлого туйлын хангалтгүй үзүүлэлттэй байна. 


"Алсын хараа-2050" баримт бичгийн гол философи бол экспортын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал юм. Одоо уул уурхайгаас 90 хувийн хамааралтай байгаа түвшинг хувааж маш яаралтайгаар нэгдүгээр 10 жилийн дотор 100 төслөө хэрэгжүүлэхгүй бол асуудал хүндэрнэ. Ингэхийн тулд, эхлээд уул уурхайг, ялангуяа нүүрсийг түлхүү ашиглах ёстой. Учир нь дэлхийн зах зээлд нүүрсний хэрэглээ хумигдаж байна. 


Манай улс уул уурхайн техник, суудлын автомашинд жил бүр 200 сая ам.доллар зарцуулж байна. Тиймээс нийтийн тээврийг илүү сайжруулснаар энэ зарлага багасна. 


Барилгын материалын хувьд, 107 сая ам.долларын зарлагатай. Жишээлбэл, "Залуус 1, 2, 3" орон сууцны том хөтөлбөр хэрэгжсэнээр, барилгын материал худалдан авах зарлага нэмэгдэнэ. Тиймээс цементийн үйлдвэрийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Төмрийн үйлдвэр байгуулж арматурыг дотооддоо үйлдвэрлэж чаддаг болох ёстой. Мод, модон эдлэл, тавилгаа дотооддоо хийх хэрэгтэй. 


Өнөөдөр бид хорио цээрээс болж өндөгнийхөө дотоодын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Тамхинд 16 сая ам.доллар, хүнсэнд 180 сая ам.доллар гадагш гаргаж байна. Хүнсээ дотооддоо хангах үйлдвэрлэл рүү шилжихэд "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого чиглэхээс гарцгүй. 


Гэр ахуйн цахилгаан барааны хэрэгсэлд 31 сая ам.доллар зардаг. Дизель түлшинд 130-140 сая ам.доллар алдаж байгаа. Нефтийн үйлдвэр бариад түүнийг орлуулах нь зүй. 


Цахилгаан эрчим хүчнээс 41 сая ам.долларын зарлага гаргаж байна. Тавантолгой цахилгаан станц баригдвал жил бүр 300-400 сая ам.доллар дотоодод үлдэнэ. 


Гадаадад боловсрол эзэмшихэд 110 сая ам.доллар зарцуулж байна. Тиймээс БШУ-ны сайд их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой.


Аялал жуулчлалаас нэг сая ам.доллар ч олж чадахгүй хэрнээ 66 сая ам.долларыг гадагшаа аялж алдаж байна. Үүнээс дотоодын аялал жуулчлал хөгжих потенциал байна гэж харж байгаа. 


Дээрээс нь зайлшгүй хийх реформ байгаа. Жишээлбэл, Авлигалын индексээр манай улс дэлхийд 108 дугаарт байна. Үүнийг яаралтай хоёр оронтой тоо руу оруулснаар, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдоно. Тиймээс "Цахим монгол"-той холбоотой ажил хийгдэх ёстой.


-"Залуус 1, 2, 3" орон сууцны хорооллыг барих байршил тодорхой болсон уу?


"Залуус 1, 2, 3" орон сууцны хорооллыг Хөшигийн хөндий хавьд, Яармагийн цаана, орон нутагт гэсэн төвлөрсөн гурван цэгт тооцож барина.

Холбоотой мэдээ