Ная гаруй мянган малчинд ноосны урамшуулал олголоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-11 12:39:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонины 18 566,3 тн ноос, тэмээний 676,2 тн тэмээний ноос бэлтгэн, 78 үйлдвэрт нийлүүлсэн 88 669 малчин, мал бүхий иргэнд 30,7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг дансаар нь шилжүүллээ.


Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90 064 малчин, мал бүхий этгээдэд 31,2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгджээ.


ХХААХҮЯ “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олгож байгаа юм.


Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг тус үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан гаргаж, зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр хойшлуулжээ.




Үндэсний үйлдвэрүүд нь малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэх бөгөөд тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдана.


И-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд нь баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын алба болон mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.



Холбоотой мэдээ