Барилгын компаниуд 491.4 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-18 09:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын оны эхний 4 сарын статистик үзүүлэлтээс үйлдвэрлэлийн салбарын байдлыг танилцуулж байна. 

Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 491.4 тэрбум төгрөг болоод байна. Дотоодын барилгын байгууллага 487 тэрбум төгрөгийн ажил хийсэн бол гадаадын барилгын байгууллага 4.4 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ. Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого энэ оны эхний улиралд 350.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.2 тэрбум төгрөгөөр буюу 11.9 хувиар өсжээ. 

Тэгвэл худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний улиралд 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 867.4 (18.9 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Энэ оны 3 дугаар сард нийт борлуулалт 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 435.1 (26.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын оны эхний улиралд 36.8 хувь нь бөөний худалдаа, 63.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. 


Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний улиралд 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 477.5 (16.1 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Харин 2021 оны 3 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 278.5 (26.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Бөөний худалдааны борлуулалтын орлого 2021 оны эхний улиралд 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 390.0 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Харин 2021 оны 3 дугаар сард 753.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 156.6 (26.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт оны эхний улиралд 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 739.1 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Харин 2021 оны 3 дугаар сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 415.3 (30.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.


Холбоотой мэдээ