Бүх нийтээр угийн бичиг хөтлөхийг хэвшүүлэх тогтоолын төсөл өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар санаачлан боловсруулсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан тухай өнөөдөр мэдээллээ.
Тогтоолын төсөлд, улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлэхээс гадна хүн амын өсөлтийг дэмжих үүднээс 6 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төрөөс дэмжлэг олгодог байхаар тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын хүн ам зүйн асуудлыг хариуцсан нэгж байгуулахаар зохицуулсан байна.
Сүүлийн 30 гаруй жилд төрөөс хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар тодорхой эрх зүйн зохицуулалт, бодлого гараагүй байна. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын үед АИХ-аар энэ талаарх цогц бодлого гаргаж байжээ. Тиймээс удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэсний хөтөлбөр бий болгоход төрөөс анхаарах шаардлагатай гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцлов. Тэрбээр, "Бид малын удмын сангийн тухай ярьдаг ч хүний удмын санг хамгаалах буюу хар хайрцагны бодлогоо өнгөрсөн хугацаанд орхиж иржээ. Хүнийхээ удмын санг хамгаалж, хөгжүүлэхэд төр анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд баг, хороо дотроо гэрлэх явдал 85 хувь, аймаг дотроо 74 хувьтай байгаа судалгаа гарчээ. Тиймээс төр үүнд хяналт тавьж анхаарах шаардлагатай байна. 1990 онд бүх нийтээр угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Үүнийг хэвшүүлэх ажлын 2024 оноос хэрэгжүүлнэ" хэмээлээ.
Улсын хэмжээнд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй 3600 гаруй өрх байгаа бөгөөд тэдэнд байрны урьдчилгаа болох 20-30 сая төгрөг олгохыг Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах тухай заалт тусгасныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодотгов. Мөн жирэмсэлснээс хойш эхчүүдийг 7-14 хоногийн хугацаанд төр асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон гэдгийг онцоллоо. Түүнээс гадна гадаадад боловсрол эзэмшиж буй монгол иргэд эх орондоо ирж сурсан мэдлэг боловсролоо зориулахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг төсөлд тусгасан тухай тэмдэглэв.
Тогтоолын төсөл нь 2 заалт, 7 дэд заалттай. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд үүрэг болгосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн бусад улсад ч энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага, батлагдсан хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц олон байдаг. Тухайлбал, улс үндэстнийхээ удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх харилцааг 23 улс Эрүүгийн хуулиараа, 7 улс Иргэний хуулиар, 9 улс Гэр бүлийн хуулиараа, 4 улс бие даасан хуулиар тус тус зохицуулсан байдаг ажээ.