Арьс шир боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-21 13:31:14

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг Шадар сайд Ц.Оюунбаатар зогсоох шийдвэрийг гаргасан нь өчигдрөөс албан ёсоор баталгаажлаа.

Тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай актийг МХЕГ-ын нэр бүхий улсын таван ахлах байцаагч гарган гарын үсгээ зурсан байна. Зөрчил арилгах хүртэл зогсоож буй тус актад Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэж үзсэн байна.

Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн дээрх зөрчлийг арилгуулахаар ийнхүү шийдвэрлэсэн байна.

Үйл ажиллагааг нь зогсоох тухай тус актын хавсралтад 28 компани, аж ахуйн нэгжийн нэр багтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ