Эх газрын Хятадаас Тайваньд коронавирусний вакцин хандивлах хүсэлтээ илэрхийлэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Тайваньд коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор эх газрын Хятадаас цар тахалтай тэмцэхэд нь туслах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тодруулбал, Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх албанаас Тайвань руу эмч мэргэжилтнүүдийн баг илгээх, вакцин хандивлах хүсэлтэй байгаа гэдгээ өчигдөр мэдээлсэн байна.
Мөн Шанхай хотын Эм эмчилгээ, эрүүл мэндийн хөгжлийн сангаас Тайваньд вакцин хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус сангийн нарийн бичгийн дарга Ши Чянхуа хэлэхдээ, “Хоёр эргийн ахан дүүс бол нэг гэрийн хүмүүс. Бид маш түргэн хугацаанд эхний ээлжийн вакцинуудыг Тайвань руу тээвэрлэх нь цар тахлын тэмцэлд үр дүн үзүүлнэ” хэмээн бодож байна гэв.
Үүний өмнө Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх албаны хэвлэлийн төлөөлөгч Жү Фөнлянь “Эх газрын зүгээс Тайваньд вакцины тусламж үзүүлэхийг хүсэж байна" хэмээсэн бөгөөд "Хэрэв хүсвэл эмч, мэргэжилтнүүдийн багийг илгээж, цар тахалтай тэмцэх туршлага, арга зүйгээ хуваалцаж болно” гэж мэдэгдэж байжээ.