Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-21 17:56:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановтай уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, мөн Оросын Холбооны Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Татарстаны Ерөнхий сайдын орлогч, Аж үйлдвэр, худалдааны сайд А.А.Каримов болон албаны бусад төлөөлөгчид байлцав.

Уулзалтын үеэр Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Минниханов хэлэхдээ “Монгол Улсад хийж буй бидний айлчлал амжилттай үргэлжилж байна. Монгол-Татарстаны хамтарсан уулзалтад саяхан оролцлоо. Бид бизнес хувийн хэвшлийн салбарын өргөн төлөөллийг дагуулан хүрэлцэн ирсэн учраас хоёр талын уулзалт харилцан үр өгөөжтэй болсон байх гэж найдаж байна. Монгол, Татарстаны хоорондын эдийн засгийн түншлэл, худалдааны харилцааг хөгжүүлэх боломж их байна. Манай хоёр орон түүх соёлын шижмээр холбогддог. Ийм учраас бид харилцаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд саадгүй гэдэгт итгэж байна” хэмээв.

Татарстаны хувьд газрын тос, шатахуун боловсруулах салбарт туршлагатай бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын харилцаа эрчимжин, хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Татарстаны олон салбарыг төлөөлөн ирсэн өргөн бүрэлдэхүүн Монголын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй сайн харилцаа тогтоон ажиллана гэдэгт тэрбээр итгэж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Миннихановын айлчлалд амжилт хүсэн, сайн сайхныг хүсэн ерөөв. Дараа нь хоёр орны төрийн тэргүүнүүд төлөөлөгчдийн хамт дурсгалын зураг авахуулав.

Уг айлчлалын хүрээнд Монголын Аж үйлдвэрийн яам, ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран "Монгол-Татарстан" ажил хэргийн уулзалтыг өнөөдөр өглөө зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтад ОХУ-даа тэргүүлдэг Бүгд Найрамдах Татарстан Улсын нефть, байгалийн хий үйлдвэрлэгч, химийн үйлдвэр, "Ак Барс" банк, гадаад худалдааны "Камаз", эм хангамжийн «Татхимфармпрепараты» зэрэг том компаниудын төлөөлөл оролцсон.

Холбоотой мэдээ