Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэлх цагийн хуваарь

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-06-03 13:00:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа төгсгөл лүүгээ орж байна. Ингэж хэлдгийн учир бол ирэх долоо хоногийн лхагва гариг (2021-6-9)-т санал хураалт болно.


Сонгуулийн ажил хуульд цаасан цаг хугацааны хуваарийн дагуу явдаг.  Хуулийн хүрээнд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн санал авах заалттай. Тэр дагуу гадаад улсад 45 салбар хороо байгуулжээ. Түүнээс  44  салбар хороонд  2021 оны 5 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд санал хураалт зохион байгуулжээ. Бүртгүүлж нэрсийн жагсаалтад орсон 7 мянга 394 сонгогчийн 76 хувь буюу 5 мянга 618 сонгогч  буюу 76 хувь нь санал өгчээ. Харин БНАСАУ “Ковид -19” вирусийн цар тахлын улмаас  хол хорио тогтоосон  тул Пхеньян хотод санал хураалт болсонгүй.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ч цар тахал нөлөөгөө үзүүлж байгаа. Түүнд тохирсон журам хэрэгжүүлж байгаа билээ. Тус журамд халдвараас сэргийлэх (халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт), сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.  Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтална" гэжээ.

Коронавируст халдвартай 4 мянга 854 хүн эмнэлэгт (2021-6-3)  байдлаар эмчлүүлж  байна. Эмчлүүлэгсэд (2021-6-2) өмнө хэвтэж байгаа эмнэлгийнхээ захиргаанд санал өгөх хүсэлт гаргана. Түүнийх нь  дагуу өвчтөн  тухайн эмнэлгийн  сонгогчдын нэрсийн жагсаалтад орно. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн, өрхийн эмчийн хяналтад 4 мянган 248 сонгогч 6 дугаар сарны 5 дотор сум, дүүрэг баг, хорооныхоо Засаг даргад санал өгөх хүсэлтээ гаргана. Тэр дагуу сонгуулийн тойрог хэсгийн хороо  зөөврийн хайрцгаар  саналыг 6 дугаар сарын 8 өглөөний 09 цагаас 20 цаг хүртэл урьдчилан авах  хуулийн зохицуулалтай.


Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 гишүүнтэй байгуулжээ. Харин сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдсан байна.  Түүнээс гадна 2087 хэсгийн  хороо ажиллаж байгаа аж. Сонгуулийн хороодод  нийт 21 мянга 354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллаж байна. Харин автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ.  Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнтэй мэдээллийн технологийн баг хариуцах болжээ. 


Сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хоёр сая 159 мянга 203 сонгогч бүртгэсэн бөгөөд үүнээс  нэг сая 142  мянга 705 сонгогч нь орон нутагт,  нэг сая 16 мянга 498 сонгогч нь нийслэлд бүртгэгджээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-ний өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ бүхэн хуульд заасан дээрх цаг хугацааны хуваарийн дагуу явж байна. Сонгогч та энэ өдөр саналаа өгөөрэй. Санал өгсөн таны гарын хуруунд бэхэн тэмдэглэл хийнэ.

Холбоотой мэдээ