Улаанбуудайн тариалалт дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор нийт 437.7 мянган га-д тариалалт хийгээд байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Ингэснээр үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 96.1, төмс 74.9, хүнсний ногоо 58.9, малын тэжээл 17.1, тосны ургамал 82.6 хувьтай байна.
Хаврын тариалалтад зориулан ХААДС-аас хүсэлт гаргасан 638 иргэн, аж ахуйн нэгжид 12.2 мянган тн улаанбуудайн үрийг 20-30 хувийн, мөн 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.
Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, ХХБ, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл өгөв.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэн, “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэн, хангамжийг тогтворжуулахаар 10 нэр төрлийн 176.2 тн ил талбай, хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэх боломжтойг тус яамнаас мэдээлэв.