“Долоогийн бүлэг” дэд бүтцийн шинэ төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-13 10:01:59

ЛОНДОН. /Reuters/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг сөрөн зогсох дэд бүтцийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ.


Их Британид болж буй дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр талууд дэлхийн эдийн засаг, гадаад бодлого болон коронавирусний цар тахлаас ангижрах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна.


Цагаан ордны мэдээлснээр, удирдагчид бага, дунд орлоготой орнуудын дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах шинэ санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тодруулбал, “Долоогийн бүлэг” болон бусад түншүүд Латин Америк, Африк, Энэтхэг-Номхон далайн бүс болон бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд ил тод, тогтвортой, байгальд ээлтэй байдлаар хувь нэмрээ оруулах болно гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.


Ийнхүү тэд АНУ болон бусад орнууд дахь Засгийн газрын харьяа байгууллагуудаар дамжуулан олон зуун тэрбум ам.долларыг зориулахаар төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэхүү санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад туслах ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг орнуудын хүрээг бий болгох замаар БНХАУ-ыг сөрөн зогсох зорилготой бололтой байна.


“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан цар тахлын талаарх хэлэлцүүлэгт БНСУ, Өмнөд Африк, Австралийн удирдагчид биечлэн оролцсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд цахимаар оролцжээ. Талууд Карбис-Бэйн тунхаглал гаргахаар тохиролцсон бөгөөд үүнд вакцины хөгжүүлэлт, цар тахлын эсрэг эрт хэрэгжүүлэх хариу арга хэмжээнүүдийг тусгах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ