АНУ 55 сая тун вакцин хандивлах төлөвлөгөө танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-18 11:43:32

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Засгийн газар “COVID-19”-ийн 55 сая тун вакциныг дэлхийн улс орнуудад хандивлах төлөвлөгөөг ойрын өдрүүдэд танилцуулна гэж Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентс пүрэв гарагт мэдэгджээ.


Дэлхий дахинд 80 сая тун вакциныг зургаадугаар сарын эцэс гэхэд хандивлана гэдгээ Цагаан ордон урьд нь мэдээлсэн бөгөөд эхний 25 сая тунг энэ сарын эхээр хуваарилсан байна. Мөн АНУ-ын засаг захиргаа 2021, 2022 онд ядуу буурай орнуудад хандивлах 500 сая тун вакциныг худалдан авч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


Энэ сарын 17-ны өдрийн байдлаар, Америкийн 175 сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины нэг тунг хийлгэсэн бөгөөд насанд хүрсэн хүн амын 65 орчим хувь нь эхний тундаа хамрагджээ. Харин Энэтхэг, Бразил зэрэг халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдсээр байгаа орнуудад вакцин зайлшгүй хэрэгцээтэй хэвээр байгаа юм.


Ж.Зиентсийн мэдээлснээр, АНУ-д нэгдүгээр сарын сүүлээс хойш халдварын тохиолдол, нас барсан хүний тоо 90 гаруй хувиар буурч, одоо цар тахал дэгдсэнээс хойших хамгийн бага үзүүлэлтэд хүрээд байна. Гэвч Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбар тархаж байгаа энэ үед нийгмийн зарим бүлгийн дунд вакцинжуулалтын түвшин сул байгаад санаа зовниж буйгаа тэрбээр мөн илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ