Харааны бэрхшээлтэй хүүхдийн "Гэрэлт" төвийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 17:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын ТББ-ын хүүхэд хөгжүүлэх "Гэрэлт" төвийн нээлт боллоо.


Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж хамтран сайн дураар байгуулсан тус төв хүүхдэд гадаад хэл, компьютерын хичээл заана. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхэд дуу авианы программ ашиглан харилцах, хүссэн хичээлээ бие даан судлах, мэдээ мэдээлэл авах боломжтой болох юм.


Төвийн нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа оролцож, харааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийн технологийг ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.


Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын ТББ нь харааны бэрхшээлтэй хүүхэд залууст гадаад хэл сургах, бие бялдрыг хөгжүүлэх, урлаг хөгжмөөр хичээллэх үйл ажиллагаа явуулдаг. Цаашид мэдээлэл технологи, хүүхэд хөгжүүлэх бусад сургалт явуулахаар төлөвлөж байна.

Тус төвийн гишүүн харааны бэрхшээлтэй 100 гаруй хүүхэд байдаг аж.

Холбоотой мэдээ