Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өндөр түвшний цахим хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 11:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 23-нд зохион байгуулсан “Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” өндөр түвшний цахим хуралд оролцов.


Энэхүү хуралд 30 гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон олон улсын байгууллагын удирдлага оролцож, үг хэллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас "КОВИД-19" цар тахлыг хумих, эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, тухайлбал хүн амыг вакцинжуулах ажлын явц,  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрбээр вакцин тусламжаар олгох, вакцин худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх, худалдан авах зохицуулалтыг шуурхай хийж Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжсэн БНХАУ зэрэг түнш орон, олон улсын байгууллагад талархал илэрхийлэв.


Түүнчлэн Монгол Улс “Талын зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг урагшлуулахаар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэж, “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудтай цаашид ч хамтын ажиллагаагаа  гүнзгийрүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Холбоотой мэдээ