Монгол-Хонконг бүтээлч үйлдвэрийн салбарт хамтарна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2021-07-05 18:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа, эдийн засгийн нарийн бичгийн дарга Эдвард Яу Танг-вахтай 2021 оны 7 дугаар сарын 5-нд Засгийн газрын төв байранд уулзлаа.


Уулзалтаар хоёр талын худалдаа, үйлчилгээний салбарт хамтын ажиллагаа удаан байгааг онцолж цаашид ахиц гаргах, аялал жуулчлалын болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов. Ялангуяа кино үйлдвэрлэлийн салбарыг онцолж хамтарсан уран бүтээл хийх боломжийг судалж ажиллахаар болов.  

Мөн Бүс ба зам санаачилгын хүрээнд бүс нутгийн интеграцид идэвхтэй оролцох замаар Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт болон бизнесийг нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар санал нэгдэв.

Ирэх 9 дүгээр сард Хонконгт болох худалдаа хөрөнгө оруулалтын “Бүс ба зам 2021 олон улсын чуулга уулзалт”-д манай талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж уг үйл ажиллагаанд Монголын эдийн засгийн тэргүүлэх төслүүдээс танилцуулахаар тохирлоо. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, стартап компаниудыг дэмжих талаар туршлага судлах, хамтарсан ажил зохион байгуулахаар болов.

Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хөгжлийн газар нь Худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын болон Харилцаа холбоо, бүтээлч аж үйлдвэрийн салбарын  хүрээнд олон талт бодлого боловсруулж, зохицуулах үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын төв байгууллага юм.

Холбоотой мэдээ