Д.Алтангэрэл:Гамшигтай тэмцэх нь бүх нийтийн үүрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-07 21:55:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэлтэй цаг үеийн байдлаар ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийн хэмжээнд тэр дундаа Мандал суманд короновирусний халдварын тархалт нэлээд байна. Цар тахлын үед танай хэлтэс ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?

-Өнөөдөр манай оронд төдийгүй олон улсын хэмжээнд урьдчилан тооцоолоогүй томоохон сорилт тулгарлаа. Онцгой байдлын байгууллагаас болон орон нутаг, төр засгаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аливаа арга хэмжээний бүхий л үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлж ажиллахын хамт иргэдийн санаа бодлыг тандаж, түүнд тохирох ажлыг олон улсын жишээнд тулгуурлан өөрийн онцлогт тохирох аргачлалын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр учирч буй гамшгийн энэ төрлөөс харахад манай улс төдийгүй олон улс бэлтгэлгүй байгааг та бид харлаа. Бид хожим үүсч болох бүхий л зүйлд бэлэн байх, түүнд бэлтгэх нь чухлаас гадна хамгийн нэн тэргүүний асуудал бол гамшгийн үед иргэдийн сэтгэл зүйн бэлтгэл өндөр бэлтгэгдсэн байх нь хамгийн нэн тэргүүний асуудал болохыг хэлэх байна. 

Цаашид тооцоолоогүй олон сөрөг дагавар гарахгүй байх баталгаа байхгүй тул иргэдийн дунд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх сургалт, дадлагуудыг төрөөс тогтмол үе шаттай зохион байгуулах хэрэгтэй.  Эцэст нь хэлэхэд хорио цээрийн дэглэмийн үед төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд шүүмжлэхээс илүү хэрэгжүүлж ажиллах нь энэ цаг үед маш чухал байна.

-Мандал сумын цаг үеийн байдал ямар байна. Ихэнх нутгаар гол мөрөн үерлэсэн байдалтай байгаа. Усны ослыг бууруулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зарим судлаач эрдэмтдийн судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд хөрсний усны түвшин 1 метр хэртэй дээшилсэн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүний илрэл нь сүүлийн жилүүдэд усны осол, үерийн дуудлага эрс нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлоос харж болох юм. Хуучнаар Зүүнхараа хот өнөөгийн Мандал сум албан ёсны бүртгэлтэй 30 орчим мянган хүнтэй, бүртгэлгүй түр оршин суух иргэдээ оролцуулбал 38-40 орчим мянган хүн ажиллаж амьдарч байгаа улсын томоохон суурин. Газар нутгийн 70-аад хувь нь ойн сав газар түүнийгээ дагасан байгалийн баялаг, мөн уул уурхайн улсын хэмжээний томоохон ордууд бүхий нутаг.

Манай хамт олон үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, зохион байгуулалтын хувьд улсын стандартыг бүрэн хангасан улсын жишиг байгууллага болохыг нэгэн зорилгоо болгон ажиллаж байна. Энэ хүрээндээ ч бид ажлын орчноо сайжруулах, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үр дүнтэй алхмуудыг авч хэрэгжүүлж бодит ажлыг хийж хэрэгжүүлээд  байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд жилд дунджаар 700 орчим объектын түймэр, 20 орчим ой, хээрийн түймэр бүртгэгдэж, хагас тэрбум гаруй төгрөгийн хохирол учирдаг.  

Өнөөдөр орон нутгийн түвшинд хур тунадас их байгаагаас усны ослын дуудлага нэмэгдэж байгааг хязгаарлах зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Сумын удирдлага, цагдаагийн хэлтсийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье.

элхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөр гамшиг осол нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого аль түвшинд байна вэ?

-2021-2030 онд гамшгаас хамгаалах төрийн бодлого ямар байх талаарх саналаа Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх хугацаандаа эрдэмтэн судлаач нартайгаа хамтарч судалгаа шинжилгээ хийн ОБЕГ-т өгсөн. Өмнөх бодлогын давуу, дутагдалтай тал дээр шинжилгээ хийж Гамшгаас хамгаалахад дэвшилтэт технологи, техникийн дэвшилд тулгуурласан гамшигтай тэмцэх тактик ажиллагаа, арга аргачлалыг хэрхэн ашиглах зэргээр шинжлэх ухаан ч талаас нь уг бодлогод тусгуулахад гар бие оролцож ажилласан. 

Олон улсын жишгээр бол 10 болон түүнээс дээш хүн эндсэн, бүс нутгийн хэмжээнд тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учирсан бол гамшиг гэж үздэг. Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь буй 90 орчим хувийг объектын болон ой, хээрийн түймэр эзэлдэг. Тиймээс цаашид гамшиг, ослын давтамжийг багасгах, гамшгийн төрлөөс хамаарч ямар бодлого баримтлах вэ гэдгээ нарийн томьёолох нь маш чухал.

Тухайлбал, ой хээрийн түймрийн давтамж өндөр байдаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт нарны үүсгүүр бүхий дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгч өндөр нягтралтай камер зэргээр тоноглосон байнгын хяналтын цамхаг байгуулах нь урьдчилан сэргийлэх томоохон алхам болно. Энэ цамхаг байгуулснаар зөвхөн ой, хээрийн түймрийг хянахаас гадна малын хулгай, хулгайн ан, аялагчдын аюулгүй байдлыг хангах, төөрсөн иргэдийг эрэн хайх зэрэг олон хэлбэрээр үр дүнтэй ашиглах боломжтой.

Ер нь гамшигтай тэмцэнэ гэдэг салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахтай салшгүй холбоотой. Энэ мэт асуудалд Төр өөрийн зүгээс бодлогоо боловсруулсан байдаг. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гамшигтай тэмцэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын асуудал биш, бүх нийтийн үүрэг учраас энэ үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх нь маш чухал.

Өөрөөр хэлбэл дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд оновчтой удирдлага зохион байгуулалт, технологийн дэвшилд суурилсан арга аргачлалыг гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд хэрэглэснээр гамшиг ослын үед гарах зардлаас 10-50 дахин бага өртгөөр хохирол багатай даван туулахаас гадна аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чадавх сайжрах юм. Энэ мэт дээр хэлсэнчлэн хяналтын цамхаг хийхээс гадна хөдөө аж ахуйн яамны чиглэлээр малчдыг худагжуулах ажилтай хосолсон хэлбэрээр зөв зохион байгуулж чадвал эдийн засгийн хувьд ч, ач холбогдлын хувьд ч үр дүнтэй гэж үзэж байна.

Худгийг айлын хаяанд биш усны судлыг нь харж, тогтоож байгаад тодорхой түвшний өндөрлөгт байгуулж хуурайшилтын үед тодорхой голдиролоор нь урсгах нь түймрийн үед усан цурам татаж түймрийг хязгаарлаж болох ба бэлчээрээ услах, бэлчээрийн өвсний гаралтад эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу тал бүрдэнэ. Энэ мэт гамшгийн төрлүүд дээр гамшигтай тэмцэх Habrid аргуудыг хэрэглэснээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, улам бүр нэмэгдүүлэх хөшүүрэг болохоос гадна эрх зүйн орчныг яаралтай тодорхой болгох шаардлагатай.  

-Та түрүүн Гамшигтай тэмцэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын асуудал биш бүх нийтийн үүрэг гэж хэллээ. Тантай санал нэг байна. Ер нь гамшгаас хамгаалах тогтолцооны цөмийг сайн дурынхнаар бүрдүүлэх нь ач холбогдолтой их байдаг. Манайд сайн дурынхны дэмжлэгийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд таны санал юу вэ?

-За яах аргагүй анхаарал татсан асуултыг хөндөх шиг боллоо. Залуучууд та бүхэн ч орон нутагт ажиллаж байгаа давуу талаа ашиглан энэ чиглэлээр судалгаа хийгээсэй гэж судлаач хүнийхээ хувьд хэлэх байна. Гамшиг судлалын хүрээлэнд сайн дурынхны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн болон энэ чиглэлийн багагүй судалгаа бий.

Зарим судалгааг би удирдан чиглүүлсэн ч байдаг. Судалгааны үр дүнгээс товчхон хэлэх нь зүйтэй байх. Энэ сэдвээр судлаач, мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах санаатай байгаа. Энгийнээр шулуухан хэлэхэд сайн дурынхан орон нутагт жинхэнэ утгаараа ажиллахгүй байна. Нөгөө л ЗДТГ-ын харуул, нярав зэргээр төрд томилгоотой хэдэн хүнээр бүрдүүлдэг. Олон улсын байгууллага бусад хандивлагч байгууллагуудаас сайн дурынханд багаж хэрэгсэл өгдөг ч ашигладаггүй. Яаралтай гамшгийн нөхцөл байдал үүсэхэд томилгоотой хүмүүсийг дуудах боломжгүй.

Гамшгаас хамгаалах хуульд гамшгаас урьдчилан сэргийлэх зардлыг аймаг орон нутаг төсвийнхөө нэг хүртэлх хувийг зарцуулахаар тусгасан ч бодитоор хэрэгжиж байгаа нь ховор байна. Хяналт ч сул байгаа. Сайн дурынхны эрхзүйн байдал, урамшууллын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Тиймээс сайн дурынхны үүргийг тодорхой болгох санал санаачилгууд их гарсан байдаг. Миний зүгээс бүс нутгийн онцлогоос хамаарч сайн дурынхны бүлгийг системчлэн байгуулах, чадавхжуулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Тухайлбал, говийн бүсэд ой, хээрийн түймэртэй тэмцэх сайн дурын бүлгээс илүүтэй эрэн хайх чиглэлээр нь сайн дурын бүлэг байгуулах, уулархаг бүсэд аврах ажиллагааны сайн дурын бүлэг байгуулах зэрэг орон нутгийн онцлогт тохирсон тухайн нутагт зонхилон тохиолддог аюулт үзэгдэл ослын төрөл, тоо давтамжийн статистик тоо баримт дээр тулгуурлан тэдгээрийг харгалзаж сайн дурын бүлгийг байгуулах нь илүү үр дүнтэй гэж хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ