Бизнесийнхэн шагналаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-09 13:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Худалдаа, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж МҮХАҮТ-ын зарим ажилтан гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Мөн “Номин Холдинг” ХХК-ийг "Алтан гадас" одонгоор шагнасныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь нар гардууллаа. Энэ үеэр 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН-ийн цом, өргөмжлөлийг “Номин Холдинг”, “Номин Трейдинг”, “Номин тав трейд” ХХК-уудад гардуулсан юм. 




“Номин Холдинг” компани нь 1992 онд байгуулагдсан, борлуулалт үйлчилгээ, санхүү, импорт экспорт, гэрээт борлуулагч, технологи, үйлдвэрлэл инженерингийн чиглэлд 29 салбар компан, 5800 гаруй ажилтан, 2 сая гаруй үйлчлүүлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа, нийслэл хот болон 12 аймаг, орон нутагт 64 сүлжээ дэлгүүртэй, худалдааны салбарт тэргүүлэгч компани болоод байна. Энэ онд Улсын их дэлгүүрийн 100 жилийн ой тохиож байна. 

Худалдааны салбарт олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн, 5800 гаруй ажилтан, 2 сая гаруй үйлчлүүлэгч, 10 мянга гаруй харилцагчтай “Номин Холдинг” ХХК-ийнханд баяр хүргэж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр гардуулав.




Мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ТОП- 100 ААН-ийн цом, өргөмжлөлийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин гардуулж өглөө. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь удаагаа Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн зарласан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг дахин тэргүүлсэн юм. Тус үйлдвэр 2020 онд хүдэр олборлолтын хэмжээгээ 32,5 сая тоннд хүргэж, түүхэн хугацаандаа хамгийн их хэмжээний хүдэр олборложээ. Түүнчлэн түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалт буюу 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, төсөвт оруулсан орлогын хэмжээ анх удаа 1 их наядыг давсан амжилттай ажилласан талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.




“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд 11,700.0 тонн зэсийн баяжмал, 934.12 тонн молибдены баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, зэсийн үнийн уналтаас шалтгаалсан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын бууралтыг сааруулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд 47.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж ажиллажээ.


Холбоотой мэдээ