Х.Баттулга Токиог зорих жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай танилцаж, амжилт хүсэв.
Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч бөгөөд жүдочид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа юм. Бэлтгэлээ хангаад дуусах дөхөж байгаа олимпын эрхээ авсан 12 жүдоч Монгол Улсаа төлөөлж Токиогийн дэвжээнд хүчээ сорих юм.
"Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн
тэмцээн долдугаар сарын 24-нөөс 31-ний хооронд явагдана. Энэ удаагийн олимпын
наадамд шүүгчээр /IJF/ олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүн дэнслэхээр томилогдсон юм.
Мөн холимог багийн тэмцээнд монголын баг тамирчид өрсөлдөнө.
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг:
Эмэгтэй 48 кг-д: Гавьяат тамирчин М.Уранцэцэг
52 кг-д: ОУХМ Л.Сосорбарам
57 кг-д: Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа
63 кг-д: ОУХМ Б.Ганхайч
78 кг-д: ОУХМ О.Мөнхцэцэг
Эрэгтэй 60 кг-д: МУГТ Д.Амартүвшин
66 кг-д: ОУХМ Ё.Басхүү
73 кг-д: ОУХМ Ц.Цогтбаатар
81 кг-д: Саиед Моллай /Иран/
90 кг-д: ОУХМ Г.Алтанбагана
-100 кг-д: МУГТ Л.Отгонбаатар
+100 кг-д: МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдана.
Ташрамд дуулгахад, Токиогийн олимпод
оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн хамгийн хүнд жингийн тамирчин, МУГТ Ө.Дүүрэнбаяр
сонгогдсон билээ.