Шадар сайд Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 15:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа.


Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар нь газрын цахим шилжилтийг хиймэл оюун ухаан, блокчейн технологи, зайнаас тандан судлалын технологи чиглэлээр найман ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.


Шадар сайдад газрын цахим шилжилт, газрын нэгдмэл сангийн удирдлагын системийн үйл ажиллагааг танилцуулсан юм.

Тухайлбал, газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажлаа эхэлжээ. Ингэснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар төлбөрийн хэмжээг үнэн бодит ногдуулж, хураах боломж бүрдэнэ.


Түүнчлэн, Засгийн газрын 2020 оны тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн талаар Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр мэдээлэв.


“Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх чиг үүрэг бүхий байрлалд суурилсан, стандарт бүхий өгөгдөл, дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем, өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж, мэдээллийг шуурхай солилцох хурдны дэд бүтэц зэргээс бүрдсэн цахим систем аж.


Нэгдсэн цахим системийн мэдээллийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагад түгээхээр орон зайн мэдээлэл бүрдүүлэх, хуваалцах, ашиглах, иргэн төвтэй үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц /геопортал/-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж нээгдээд байгааг М.Буяндэлгэр танилцуулжээ.

 

 

Холбоотой мэдээ