Оросын тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт бичигдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-07-29 17:10:43

ТОКИО. /The Moscow Times/. “Токио-2020” Олимпын наадамд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор оролцож буй тамирчид өнөөдрийн байдлаар долоон алт, арван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэнээр медалийн чансаагаараа дөрөвдүгээрт жагсаж байна. 


Оросын баг тамирчид наадам эхэлснээс хойш гурван өдрийн дараах байдлаар 12 медаль хүртээд байсан бөгөөд ОХУ-ын Олимпын хороо медаль авсан эмэгтэй тамирчдынхаа тоогоор тэргүүлж байв. Ийнхүү Токиогийн Олимпоос медаль хүртсэн Оросын тамирчдыг танилцуулж байна. 


Виталина Батсарашкина

Өдгөө 25 настай залуу тамирчин Виталина Батсарашкина ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ОХУ-ын Олимпын хорооны багийн анхны алтан медалийг авч, 240.3 оноогоор Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Анастасия Галашина

Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд өрсөлдсөн буудлагын спортын тамирчин, 24 настай Анастасия Галашина БНХАУ-ын тамирчин Ян Цянийн араас удаалж, Токиогийн Олимпын анхны мөнгөн медалийг бямба гарагт хүртсэн байна.


Инна Дериглазова, Лариса Коробейникова

Олимпын аварга Инна Дериглазова ням гарагт болсон туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан хөнгөн сэлэмний төрөлд АНУ-ын тамирчин Ли Киферийн эсрэг хийсэн тулаандаа ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн бол 34 настай Лариса Коробейникова Италийн тамирчин Алис Волпитой хийсэн ээлжит тулаандаа ялж, хүрэл медалийн эзэн болжээ.


Светлана Гомбоева

Олимпын хороог төлөөлөн Токиогийн Олимпын наадамд оролцож байгаа харваач Светлана Гомбоева өнгөрсөн ням гарагт БНСУ-ын багийг 0-6 онооны харьцаатай буулган авснаар Елена Осипова, Ксения Перова нарын бүрэлдэхүүнтэй багийн тамирчдаа мөнгөн медаль хүртэхэд тусалсан юм.


Татьяна Минина

ОХУ-ын Олимпын хорооны ээлжит мөнгөн медалийг таеквондогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан 24 настай Татьяна Минина ням гарагт хүртсэн бөгөөд тэрбээр АНУ-ын залуу тамирчин Анастасия Золотичид ялагдсан байна.


София Позднякова, София Великая

Олимпын дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Поздняковын охин София Позднякова даваа гарагт болсон туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан илд сэлэмний төрөлд багийн гишүүн София Великаяг ялснаар тэд ОХУ-ын Олимпын хороонд хоёр дахь алт, тав дахь мөнгөн медалийг авчиржээ.


ОХУ-ын Олимпын хорооны гурав дахь алтан медалийг даваа гарагт болсон уран сайхны гимнастикийн эрэгтэй шигшээ баг хүртсэн байна.


Максим Храмцов

Олимпын хороог төлөөлөн Токиогийн Олимпод оролцсон Максим Храмцов даваа гарагт болсон таеквондогийн эрэгтэйчүүдийн -80 кг-ын жинд Йорданын тамирчинтай учраа таарч, ялалт байгуулснаар Оросын таеквондогийн түүхэн дэх анхны алтан медалийг эх орондоо авчиржээ.


Михаил Артамонов

Залуу тамирчин Михаил Артамонов бямба гарагт болсон таеквондогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд ялалт байгуулж, хүрэл медаль хүртсэн байна.


Александр Бондар, Виктор Минибаев

Усанд үсрэлтийн тамирчид Александр Бондар, Виктор Минибаев нар даваа гарагт болсон 10 метрийн синхрон үсрэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ.


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас /WADA/ ОХУ-д спортын хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасантай холбогдуулан тус улсын тамирчид "Токио-2020" наадамд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор ийнхүү өрсөлдөж байгаа билээ. 

Холбоотой мэдээ