Б.Отгонсүх: Иргэд ачаа бараагаа өдөртөө авах боломж бүрдсэн

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-08-05 10:52:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд дэх гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд ачаа бараагаа өдөртөө авах боломж бүрдсэн гэдгийг тус Гаалийн газрын дарга Б.Отгонсүх өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Замын-Үүдийн Гаалийн газар болон Боомтын зөвлөлөөс иргэдэд түргэн шуурхай үйлчлэхээр ажиллаж байгаа. Замын-Үүдийн Гаалийн газар өглөөний 8.00-22.00 цаг хүртэл иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ хүргэж байна. Хяналт шалгалт болон бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж, ачаа барааг өдөрт нь олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн 12 хяналтын бүсээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн ариутгал, халдваргүйтэлд анхаарч, байна. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд импортын ачаа бараа тээвэр автозамаар 50-60 хувиар өссөн бол экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарлаа. Мөн хугацаанд импортын 740 вагон, экспортын 2656 вагон байна. Анх ирэхэд Эрээний боомтод 50 мянган тонн ачаа бөөгнөрсөн тухай мэдээлэлтэй байсан. Үүнд анхаарч ажилласнаар хилийн боомт дээр 20 мянган тонн үлдэж, 30 мянган тонныг нь оруулаад байна. Үлдсэн 20 мянган тонныг энэ сард багтаан авч, хэвийн горимд шилжинэ. Түүнчлэн гаалийн гадна болон дотор 2000 автомашин байсан. Түүнийг мөн татан авч, хяналт шалгалтаа хийж, эздэд нь хүлээлгэн өглөө” гэв.


Тус Боомтын зөвлөл Засгийн газрын шийдвэрийн дагуу тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр иргэдэд хүрэх бараа бүтээгдэхүүний үнэ буурах ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Холбоотой мэдээ