Залуусын хөгжлийн зөвлөлийн гишүүд, удирдлагууд уулзаж санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-13 10:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн гурван сарын хугацаанд Залуусын хөгжлийн 436 зөвлөл байгуулагдаж, 7000 орчим залуус хүсэл сонирхол, дуу хоолойгоо нэгтгээд байна.


Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл, гишүүд удирдлагууд Олон улсын залуучуудын өдрөөр цахимаар уулзаж, Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.


Уулзалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж удирдаж, 100 жилийн ойн хүрээнд хийх ажлын чиглэл, батлагдсан төлөвлөгөөг танилцуулж, зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал солилцсон юм.


Мөн уулзалтад МЗХ-ны хүндэт Ерөнхийлөгч Д.Гантулга, МЗХ-ны Ерөнхийлөгч, ЗХҮЗ-ийн гишүүн О.Гэрэлт-Од нар оролцож ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа ажлаа танилцуулж, хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой угтан 15 төрлийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус хориод байгууллага хамтран хэрэгжүүлнэ.


Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа 4 дүгээр сард хийж, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, яам агентлаг, олон нийтийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн байгууллага болон мэргэжлийн, сонирхлын бүлгүүдэд Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасан. Залуучуудын хөгжлийн зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангах, залуусын сайн дурын оролцоог нэгтгэх, дуу хоолойг нь сонсох зорилготой аж


Холбоотой мэдээ