Бохир ус цэвэрлэх байгууламжтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-17 11:40:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусаж, Улсын комисс энэ сарын 10-нд ашиглалтад хүлээн авчээ. 


Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барьж байгаа.


Төслийн дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгальд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.


Аймгуудад анх удаа монгол инженерүүд эх орныхоо цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулжээ. Цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулах нь бусад аймагт жишиг болох аж.


Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авснаас эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлт нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын 20-25 инженер, техникийн ажилчдыг мэргэшүүлэх онол, практик сургалтад хамруулжээ.


Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 30-нд гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгэж, ийнхүү хүлээлгэн өгснийг БХБЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ