Хөрөнгө оруулагчид цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хууль гаргахыг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-18 14:47:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа өчигдөр буюу “Цар тахлын үеийн эдийн засаг - Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  мэдэгдсэн юм. 


Энэ хүрээнд, Үндэсний хороод байгуулахын зэрэгцээ, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Мөн цахим хөгжлийн яам байгуулж, төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд суурилсан цахим системд шилжүүлэх, Засгийн газраас зарласан 100 мега төсөлд хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж буйг дурдав.


Тэрээр, таван чиглэлийн Үндэсний хороо байгуулж, өөрөө шууд удирдах бөгөөд дэргэд нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан дэд ажлын баг байгуулна гэдгээ тэмдэглэсэн. Ингэснээр, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, хөрөнгө оруулалтын салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг дурдсан.


Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар, таван чиглэлийн үндэсний хороо байгууллаа.  Тодруулбал, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороог байгуулав. Мөн Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог байгуулсан байна. 



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Төр, хувийн хэвшил холбогдож, бодлогоо тодорхойлох гэж цаг хугацаа алддаг. Тиймээс төр өөрийн хэмжээнд манлайлж, уялдаа холбоотой ажиллах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн агуулгаар үндэсний хороодыг байгуулж байна. Цаашдаа Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг сэргээх хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Тус хууль нь, цар тахлын дараах эдийн засгийг  эрчимжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжиж ажиллах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх, төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой" хэмээв. 


Үндэсний хороо байгуулагдаж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хууль гарвал, 2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн яам байгуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд онцлов. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тэдгээрт зөвлөгөө өгч тусалдаг төрийн захиргааны төв байгууллагатай болно гэдгийг тайлбарлав. Мөн Худалдааны агентлаг байгуулах бөгөөд монгол орны баялгийг дэмжиж байгаа бүхий л хөрөнгө оруулагчдыг дэмжиж, мэдээлэл өгөх, эргэх холбоог сайжруулах тогтолцооны реформыг 2022 оны төсөвт суулгахаар төлөвлөж байгааг "Цар тахлын дараах эдийн засаг - Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэсэн юм.



Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, "Ерөнхий сайд таны гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар дурдсан. Энэ ажил их чухал гэж бодож байна. Ялангуяа, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан байгаа хязгаарлалтыг хөнгөлж өгөх нь зүйтэй гэж байгаа. Нэн тэргүүнд хамгийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт татах нь чухал. Энэ хүрээнд Засгийн газрын зарласан 100 мега төсөлд хөрөнгө оруулалт татах нь зүй. Эдгээрт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэж байгаа нь туйлын чухал юм. Манай байгууллага энэ чиглэлд Монгол улсын Засгийн газар, Сангийн яам болон бусад холобгдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна" хэмээв. 


Мөн Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хён, "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байгаа маш чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Үйлдвэрлэлийн салбарыг урагшуулахын тулд таны анхаарлыг хоёр зүйлд татмаар байна. Энэ хүрээнд, төрийн хөрөнгө оруулалтын менежмент, мөн зарцуулалтыг сайн хянах нь чухал гэдгийг хэлэх гэсэн юм" гэлээ.


Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон Паксал Нгуесса Нганоу, "Би том амжилт гаргаж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэмээр байна. Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан. Хэрэв вакцинуулалтын хөтөлбөр, эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол эдийн засаг ямар байх вэ гэдэг нь Ерөнхий сайдын илтгэлд маш ойлгомжтой байна.  Эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, бизнес, ажлын байрыг хадгалж чадсан байна. Монгол Улсын Засгийн газартай Дэлхийн банк цаашид хамтран ажиллахад бэлэн" хэмээсэн юм. 


Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл илэрхийлж байв. Мөн төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалтыг давтамжтай зохион байгуулж байхыг Ерөнхий сайдаас хүсэж байлаа. 

Холбоотой мэдээ