Налайх дүүрэгт шинээр барьсан 274 дүгээр цэцэрлэгийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-06 15:54:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороонд шинээр барьсан 150 хүүхдийн багтаамжтай 274 дүгээр цэцэрлэгийг өнөөдөр нээсэн тухай тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.


Цэцэрлэгийг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид, цэцэрлэгийн багш ажилчдын төлөөлөл оролцлоо.



Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад ороод буй тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхэд хамрагдаж байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор тус дүүргийн 1,7 дугаар хороонд харьяалагдах хүүхдүүдийг хамруулах юм байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг “Оточ ноёдууд” ХХК гүйцэтгэжээ. 


Цэцэрлэг хүрэлцээ дутмагаас Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 3658 хүүхдээс 1280 нь гэртээ хүмүүждэг байна.




Холбоотой мэдээ