Хэмнэсэн орлогоороо “Хэнтий орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-09-23 22:16:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг анх удаа төсвөөс хэмнэсэн болон давсан орлогоороо "Хэнтий орон сууц" хөтөлбөрийг санхүүжүүлж эхэллээ.

Тодруулбал, орон нутгийн төсвийн сахилга бат, төсвийн байгууллагын халаалтын зардал, төсвөөс давсан орлого зэргээ хэмнэж 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилготой тус хөтөлбөрийн эхний 60 айлын орон сууцны шавыг тавьж, ажлаа эхлүүлээд байна. Тус орон сууцны хорооллын дэд бүтэц нь 2014, 2015 онд шийдэгдсэн байжээ. Чингис хот, хотынхоо хойд тал руугаа тэлэх бодлого барьж байгаагийн нэг нь энэхүү орон сууц юм. Сургууль, цэцэрлэг болон бусад зүйлсийг нь төр өмнөх жилүүдэд шийдвэрлэж өгчээ.

Эхний 60 айлын орон сууц нь 5 давхар бүхий 2 орцтой, тоосгон хийцтэй угсармал хучилттай барилга байх аж. Энэ оны 12-р сард багтаан ашиглалтад өгөхөөр нээлттэй тендерт шалгарсан "Алсын Солонго" ХХК ажиллаж байна. Тус компани Хэнтий аймагт олон бүтээн байгуулалтыг хийж байсан туршлагатай. Өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр дахин 30 айлын орон сууцыг барихаар төлөвлөж, байрны 1м2 үнийг 1 350,000 төгрөг байх жишиг тогтоож байна. 

Холбоотой мэдээ