Чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-10-05 11:34:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайтын боомт дахь чингэлэг тээврийн терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа билээ.


“Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал, төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцах юм.


Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсөж, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө багасах давуу талтай. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8- 10 сая тонноор нэмэгдэн, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа байгааг УУХҮЯ мэдээллээ.


Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол энэ оны 7 дугаар сард гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан. Энэ хүрээнд хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэг тээврийн терминал байгуулах ажил эхэлж, төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн юм. 



Холбоотой мэдээ