Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-05 13:12:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликий Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд өргөн барив.


Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдаар томилогдсон Дмитрий Гореликт баяр хүргээд, Монгол Улс уламжлалт, найрсаг харилцаатай Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэв.


Элчин сайд Дмитрий Горелик аж үйлдвэр, тээвэр, соёл, спорт, шинжлэх ухаан  зэрэг олон салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв. Мөн тэрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ