“Азийн хүүхдүүд” наадмаас Дундговийн тамирчин мөнгөн медаль зүүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-13 13:33:23

ОХУ- ын Саха Якутск улсад болж буй “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмын самбо бөхийн тэмцээнээс Дундговь аймгийн тамирчин Б. Чинзориг өчигдөр мөнгөн медаль зүүлээ. Тэрээр 78 кг- ийн жинд ОХУ- ын бөхтэй алтан  медалийн төлөө барилджээ.

Б. Чинзориг  “Азийн хүүхдүүд” наадамд оролцохоор дасгалжуулагч М. Цолмонбаярын удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд түүнтэй хамт жүдо бөхийн бэлтгэл хийсэн Г. Ууганбаяр ч мөн уг наадмын жүдо бөхийн 66 кг- ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.

"Азийн хүүхдүүд" наадам миний хувьд хүч сорьсон анхны томоохон тэмцээн байлаа. Самбо бөхийн 78 кг- ийн жинд Казакстан, Киргиз, Саха, Тажикстан болон ОХУ- ын бөхтэй барилдсан. ОХУ- ын бөхтэй барилдсан алтан медалийн төлөөх барилдаан, мөн Казакстаны бөхтэй таарсан барилдаан хүч, эв илүү шаардсан барилдаан байсан. Цаашид хэвтээ барилдаанаа илүү сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байна.  Энэ медаль бол аймаг, улс, бүсийн тэмцээнийхтэй нийлээд миний  64 дэхь медаль боллоо" гэж Б. Чинзориг сэтгэгдэл хуваалцлаа.

Тэрээр маргааш кураш барилдааны 75 кг- ийн жинд барилдана.Энэ нь түүний хувьд анхны бөгөөд шинэ тэмцээн байх ажээ.

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд Монгол улсаас оролцож буй тамирчдын эгнээнд Дундговиос 4 тамирчин багтсан бөгөөд Г. Ууганбаяр, Б. Чинзориг нарын хувьд жүдо, самбо бөхийн төрөлд ийнхүү медаль зүүгээд байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ