НҮБ: Дэлхий дээр 45 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-12-02 14:27:04

НҮБ. /RT/. Дэлхийн 43 орны 45 сая орчим хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлэж магадгүй гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас пүрэв гарагт нийтэлсэн 2022 оны дэлхийн хүмүүнлэгийн төлөв байдлын талаарх судалгаанд дурджээ.


“Хэт ядуу хүмүүсийн тоо дахин нэмэгдэж эхэллээ. 45 орны 43 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аймшигтай хэтийн төлөв хэвээр байна” гэж судалгаанд дурдсан байна.


Түүнчлэн тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүн амд тусламж үзүүлэхэд 41 сая ам.доллар шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. "2022 онд нийт 274 сая хүн яаралтай тусламж, хамгаалалт авах шаардлагатай тулгарах бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн судалгаанаас 17 хувиар нэмэгдсэн тоо юм.  Тусламж хамгийн их хэрэгтэй байгаа 173 сая хүнд хамгаалалт, тусламж үзүүлэхэд 41 сая ам.доллар шаардагдах төлөвтэй байна" гэж НҮБ-ын шинжээчид онцлон тэмдэглэжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Мартин Гриффитсийн хэлснээр, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хямрал нь юуны түрүүнд хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүчтэй нөлөөлнө. Дэлхийн янз бүрийн оронд тогтворгүй байдал улам дордож байгааг Гриффитс тэмдэглээд, Афганистан, Мьянмар, Этиопыг жишээ болгон дурдав. "Цар тахал хараахан дуусаагүй байна, ядуу орнуудад вакцин хүрэлцээгүй байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ