Бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг баримт бичгийг 50 хувиар цөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас зохион байгуулж буй “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болж байна. НҮБ-аас зарласан авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэж байна.
Авлигын талаар нийгмийн оролцогч талууд ярилцаж, өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлыг тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог тус чуулган олгож байгаагаараа онцлог юм.
Авлигын эсрэг үндэсний чуулганы нээлтэд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, тусгаарлалтад байгаа УИХ-ын дарга
Г.Занданшатар цахимаар оролцсон юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн
оролцож үг хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, “Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүний хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн дотор манай улсын хөгжилд саад болж буй боомилогч хүчин зүйлсийг багасгах заримыг нь устгах болно гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Судалгааны үр дүнгээр Монгол Улсын хөгжилд хамгийн их саад болж буй зургаан хүчин зүйл гарч ирсэн. Харамсалтай нь судалгаагаар төр өөрөө хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг, судалгааны багууд хүрсэн. Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулаад байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ” хэмээн онцолсон юм.
Одоо төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авах боломжтой юм.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, "Авлигын
гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт
шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Бид 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол
сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн. Шүүхээр
эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн
эрс өөрчлөлт гарсан. Жишээ нь, 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2
тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна" гэлээ.
Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан мөн ярьж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “МАН-ын 30 дахь Их
хурлаар намын бодлогын томоохон шинэчлэл хийлээ. Эрх баригч намын хувьд
авлигатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв. Төрийн болон улс төрийн
албанд МАН-аас сонгогдсон болон томилогдон ажиллаж буй албан тушаалтнуудаасаа
эхлээд намын гишүүддээ хариуцлага тооцож ажиллахыг ард иргэд шаардаж байна. Эрх
баригчид өөрсдийгөө хуулиас гадуур өнгөрөөж, намын гишүүн гэдгээр хаацайлан
үлдээж болохгүй. Тийм учраас дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт
холбогдсон, ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд намаас
түдгэлзүүлэх, намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь
шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны
сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт
орууллаа.
Мөн МАН-ын “Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд
болон урт хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх, намын үйл
ажиллагаанд санхүүгийн ил тод байдлыг нэвтрүүлэх, санхүүгийн тайлан, мэдээллийг
олон нийтэд ил тод болгож иргэддээ тайлагнадаг журмыг хэрэгжүүлнэ. Намын
Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх журмыг боловсруулж хэрэгжүүлнэ гэх мэтээр
авлигын эсрэг намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулах олон ажлыг хийнэ”
гэлээ.
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” нь 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Үүнд:
- Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн
байгууллагуудын хамтын ажиллагаа
- Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон
иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
- Төрийн албаны шударга, ил тод байдлыг
бэхжүүлэхэд анхаарах асуудал
- Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн
Авлигын эсрэг үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл” зэрэг олон улсын байгууллага, хувийн хэвшил, төрийн бус болон хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаадын зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцох юм. Түүнчлэн авлигын эсрэг болон сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын нэр хүндтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.