Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “Оны шилдэг тамирчин” цом хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны “2021 оны шилдэг”-үүдийг шалгаруулах ёслол “Блу Скай” цамхгийн 2 дугаар давхарт боллоо.
МҮПХ-ны 2021 оны “Шилдэг холбоо”-гоор Пауэрлифтингийн холбоо шалгарсан бол “Шилдэг дасгалжуулагч”-аар “Токио-2020” паралимпын XVI наадмаас аваргын алтан медальт тамирчин төрүүлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Дашийн Баттулга шалгарлаа.
Түүнчлэн "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд хүч сорин 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон, мөн ДАШТ-ий
мөнгөн медаль хүртсэн амжилтаараа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын
Содномпилжээ шалгарч МҮПХ-ны 2021 оны “Шилдэг тамирчин” цом хүртлээ.
МҮПХ-ны 2021 оны “Шилдэг зүтгэлтэн”-ээр
тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Насанбатын Оюунбат тодорлоо. БТСУХ-ны Гадаад
харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга /Ph.D/ Н.Оюунбат нь
Олон улсын паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын
хорооны УЗ-ийн гишүүн, Эмэгтэйчүүдийн комиссын даргын алба хашдаг юм. Тэрбээр "Токио-2020"
зуны паралимпын XVI наадамд шигшээ багийн тамирчдаа ахлан амжилттай ажилласан байна.
Харин “Шилдэг залуу тамирчин”-гаар
пара жүдо бөхийн тамирчин, ОУХМ С.Ядамдорж, “Шилдэг эмэгтэй тамирчин”-гаар пара
жүдогийн тамирчин, ОУХМ Н.Алтанцэцэг нар тус тус шалгарсан юм. МҮПХ-ны 2021 оны
“Шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-аар “Сүү” хувьцаат компанийн хамт олон
шалгарлаа.
Энэхүү ёслолын үеэр тус хорооны арын албанд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн МҮПХ-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүү, ОУПХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МҮПХ-ны ажилтан Н.Сүхбаатар нарыг МҮПХ-ны дээд шагнал “Алтан нар” одонгоор шагнав.
Энэхүү хүмүүнлэг үйлсийн төлөөх хүндтэй одонг МҮПХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ажлын албаны дарга, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Сүрэнхорлоо гардуулж, баяр хүргэсэн.