Оньсон товчлууртай, найман дэлбээтэй "Хос бадамлянхуа"

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-15 22:58:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хос бадамлянхуа цэцгийг Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмидын захиалгаар бүтээсэн түүхтэй. Ламын гэгээнд алтан аяга, шүрэн өвгөн байсан бөгөөд түүнийгээ хадгалах сав хийж өг гэсний  дагуу хос цэцгийг бүтээжээ.

Тус бүтээл хэмжээний хувьд 9.7 см өргөн, 28 см өндөртэй, 3155 гр жинтэй.

Э.Самбуу дархны урласан тус цэцэг нь гуулиар цутгаж алтаар шармалдсан, нэг кг ачаа тавихад хумигдаж хаагддаг. Оньсон товчлууртай, найман дэлбээтэй, түүн дээрээ найман тахилтай, гурав салдаг. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй. Ишин дээр нь цэцгэн хээ, үүлэн хээ, эвэр угалзыг ирмэглэн товойлгож цутгасан. Дэлбээ нь цэцгэн голтой бөгөөд суурийг бадамлянхуа цэцгээр хүрээлсэн.

Хос бадамлянхуа цэцгийг дөрвөн хос буюу 8 ширхэгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг ба үүнээс Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт нэг хос, нэг дэлбээ нь, мөн нэг цэцгийн гол хэсэг нь Хүрээмарал сумын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байна.

Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт байгаа бадамлянхуа цэцгийг музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат Эрдэнэцогт сумын иргэн н.Нэргүйгээс 1961 онд 400 төгрөгөөр худалдан авч, сан хөмрөгөө баяжуулсан түүхтэй.

Хүрээмарал сумын орон нутаг судлах танхимд хадгалагдаж байгаа дурсгал нь 1975 оноос тус танхимд хадгалагдаж байгаа ба /75.11/ 760 гр жинтэй, 10.5 см өндөр, 10 см өргөн, 3 см зузаантай юм байна. Харин хаанаас ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тодорхойгүй байдаг аж.

Сонирхуулахад, Бадамлянхуа нь бахим том үндэслэг иштэй олон наст, 30 см урт, 10-18 см өргөн, зууван дугуй том навчтай сууриараа зүрхэн хэлбэртэй орой нь шовх олон дэлбээтэй цэцэг юм. Монголчууд бадамлянхуа цэцгийг мандан бадрахын бэлгэдэл болгон эрт дээр үеэс дээдэлж иржээ. Дэлхийд ховор тооцогддог энэхүү цэцэг тогтуун цэнгэг устай нуур, голын тохой татуургад ургадаг бөгөөд өглөө дэлгэрч, шөнө дэлбээгээ хумина. Бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй байна. Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан, ягаан, усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний бэлгэдэл байсаар иржээ.

Холбоотой мэдээ