БНХАУ 2021-2025 онд дижитал эдийн засгийг хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-18 19:35:00

БЭЭЖИН. /China.org.cn/ БНХАУ-ын Төрийн зөвлөл лхагва гарагт 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний /2021-2025/ хүрээнд дижитал эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.


2020 онд дижитал эдийн засаг БНХАУ-ын ДНБ-ний 7.8 хувийг эзэлж байсан бол шинэ төлөвлөгөөний хүрээнд үүнийг 2025 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьжээ.


Мөн 2025 он гэхэд Хятадын аж үйлдвэрийн дижитал өөрчлөлт шинэ түвшинд хүрч, дижитал төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, дижитал эдийн засгийн удирдлагын тогтолцоог мэдэгдэхүйц сайжруулахаар төлөвлөсөн байна.


Улмаар дижитал дэд бүтцийг оновчтой болгож шинэчлэх, аж ахуйн нэгжүүдийн дижитал шилжилтийг урагшлуулах, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр найман чиглэлд гол зорилтуудыг нарийвчлан тодорхойлсон байна.


Уг баримт бичигт дурдсанаар, БНХАУ "6G" сүлжээний судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, нэгдсэн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн салбарын инновацийг нэмэгдүүлж, бизнесийн шинэ хэв загварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ.


Түүнээс гадна олон улсын дүрэм журам, туршлагад үндэслэн дижитал эрин үеийн хил дамнасан мэдээллийн урсгал, зах зээлд нэвтрэх, монопол үйл ажиллагааг хязгаарлах, дижитал юань, хувийн мэдээллийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг хуулиар зохицуулахаар төлөвлөж байна.   

Холбоотой мэдээ