Өнгөрсөн онд 1184 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-20 11:34:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн онд шинэ ажлын байранд 1184 иргэн ажилд зуучлуулснаас 285 иргэн боловсруулах үйлдвэрт, 254 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 299 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар, 147 иргэн барилга, 116 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 22 иргэн боловсролын салбарт, 14 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 47 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.             

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 177, Тариат, Өндөр-Улаан, Чулуут, Хотонт, Эрдэнэмандал, Жаргалант сумд 72-94 ажлын байрыг, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хангай, Булган, Ихтамир, Төвшрүүлэх, Хашаат 46-60 ажлын байрыг Батцэнгэл, Цахир, Цэцэрлэг, Цэнхэр сум 15-29 ажлын байрыг  бий болгожээ. 

Архангай аймагт 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1179 ажилгүй хүн байгаагийн 558 (47.3%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 16.7 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 181 нь дээд, 41 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 897 нь бүрэн болон бүрэн бус дунд, 48 нь бага боловсролтой хүмүүс байна.

12 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 254 хүн шинээр бүртгүүлж, 121 хүн ажилд зуучлуулан орсон байна. Мөн энэ сард ажилд шинээр орсон 121 иргэний 71 нь төрийн төсөвт байгууллагад, 49 нь нөхөрлөл компанид, 1 нь бусад газарт зуучлуулан орсон байна. 

Холбоотой мэдээ