ОХУ-ын 500 хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжинг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-26 18:20:43

БЭЭЖИН. /The Paper/. ОХУ-аас 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжингийн өвлийн Олимпыг зорино хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мэдээллээ. Бүрэлдэхүүнд тамирчин, дасгалжуулагч, эмнэлэг, техник, хамгаалалтын ажилтнууд багтжээ.


Тэрбээр энэ удаагийн олимпын наадам амжилттай болж, БНХАУ цар тахлаас үүссэн хүндрэлийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Мөн тэрбээр, "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд айлчилж, тус улсын удирдагчидтай хэлэлцээр хийнэ. Энэ нь ОХУ-ын хувьд маш чухал улс төрийн үйл явдал юм" гэж мэдэгджээ.


БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жень хэвлэлийн бага хурлын үеэр наадмын бэлтгэл ажил сүүлийн шатандаа орсон талаар мэдээлсэн билээ.


Олимпын наадам 2 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийх бөгөөд АНУ, Их Британи, Австрали зэрэг улс БНХАУ-ын хүний эрхийн байдалд санаа зовж байна гэсэн үндэслэлээр дипломат бойкот зарлаад байгаа юм. Харин Шинэ Зеланд, Автсри, Бельги, Швед болон Нидерланд зэрэг орнууд цар тахлын улмаас Бээжин рүү Засгийн газрын төлөөлөгч эсвэл өндөр албан тушаалтнуудыг илгээхгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Гэвч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй зарим улс орон, олон улсын байгууллагын удирдлагууд өвлийн Олимпын наадмын арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ.   

Холбоотой мэдээ